Аяллын үзмэрүүд:
Элсэн тасархай – Их, Бага Монгол уул – Ширээт цагаан нуур – Монгол орны төв хүйс – Хархорин, Эрдэнэзуу, Шанхын хийд – Хужирт сум – Үүртийн тохой – Төвхөн хийд – Улаанцутгалан – Хужирт сум – Улаанбаатар хот
Аяллын төрөл:
Байгаль, түүх, шашин мөргөлийн аялал
Аяллын хугацаа: 4 өдөр, 3 шөнө
Аялал нийт: 1500 орчим киломер
АЯЛЛЫН ХӨТӨЛБӨР
Үзэх газрууд: Элсэн тасархай Их, Бага Монгол уул, Ширээт цагаан нуур, Монгол орны төв хүйс, Хархорин, Эрдэнэзуу /470км орчим аялна/
Элсэн тасархай:
Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Гурванбулаг сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 км орчим урт элсэн манхан юм. Төв зам элсэн манханг хоёр хувааснаар өмнөд хэсэг нь Монгол элс, хойд хэсэг нь Хөгнө Тарнын элс гэж нэрлэгддэг. Тарнын голын нөлөөгөөр тогтсон элсний чийгэнд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Хойд талд нь Хөгнө хаан хэмээх хадат уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино.
Их, Бага Монгол уул:
Хангай нурууны салбар уулсын төгсгөлд Өвөрхангай аймгийн Бүрд сумын төвөөс зүүн хойшоо 25 км орчим зайд оршдог. Д.т.д 1675 м өргөгдсөн, баруун, зүүн, өмнөд талаар нь элсэн манхнууд тогтсон байгалийн өвөрмөц тогтоцтой. Их Монгол ууланд улиас, бургас, халайс, улиангар, манхан элсэнд нь монос цэцэглэн, мойл, нохойн хошуу, тэхийн шээг зэрэг амтат жимс, мөнх ногоон арц болон бэлчээрийн олон төрлийн ургамалтай. Энэ уулын өвөрт түүх домогт Ширээт цагаан нуур, Сүм толгой болон эртний шар бүсийн хотын туурь бий. Хангай нутгийн элсэн бүрхүүл нь гол, булаг, шанд бүхий энэ уулын орчин нь онцгой сонин, үзэсгэлэнтэй бөгөөд аялал жуулчлал хөгжүүлэх өргөн бололцоотой.
Ширээт цагаан нуур:
Их Монгол уулын өвөр буюу ширээт цагаан нуурын хөвөөнөө Өндөр Гэгээнийг Жавзандамба хутагтад залж, дайхыг нь үргээж халхын дөрвөн аймгийн язгууртнууд цугларч их баяр ёслолхийж, анхны Даншиг наадам болсон газар. Мөн энэ газар Монголын анхны нийслэлийг Өргөө нэртэйгээр Өндөр гэгээн Занабазар байгуулжээ.
Монгол орны төв хүйс:
Монгол орны Төв цэгийн байршилтыг 1979 онд газарзүйн ШУ-ны доктор, профессор Ш.Шагдар анх тодорхойлсон юм.
Хархорин, Эрдэнэзу хийд:
Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн зүүхэнд байх Эрдэнэ зуу музей анх байгуулагдсанаас хойш үзмэр, сан хөмрөг нь жилээс жилд өсөн нэмэгдсээр төрөл бүрийн баримал, цутгамал, хөөмөл, шуумал, наамал, бурхан шүтээн уран зураг тахилын хэрэгсэл, бичмэл ба барын ном, судар зэрэг шашны түүх соёлын арвин дурсгалууд хуримтлагджээ. Өдгөө Эрдэнэ Зууд 7709 мянга шахам үзмэр, эд өлгийн зүйл хадгалагдаж буй. Эрдэнэ Зуугийн сан хөмрөг үзмэрт буй дээрх үзмэрүүдээс 2000 оноос хойш Засгийн газрын тогтоолоор нийтдээ 61 үзмэрийг Монгол улсын түүх соёлын хосгүй үнэт бүтээлийн зэрэглэлд оруулжээ. Тэдгээрийн дотор 1587 онд Саж богдоос Автай сайн хаанд бэлгэнд ирсэн лад чулуун Гомбогүр бурхан ба Доржсэмбэ Аюуш, Ногоон дарь эх, Манзушир, Манал, Бурхан багш, Чагши Жанрайсиг,Хандчойжин, Хаянхирваа, Судар барьсан лам, Жийцэгмаа, Богд лам, Очирдарь, Босоо Майдар зэрэг гууль лим, зэсээр цутгаж алтаар шарсан бурхад бий. Дээрх үзмэрүүд нь 17-19-р зууны үеийн Монголчуудын сэтгэлгээний цар хүрээг илэрхийлж чадах өвөрмөгц шийдэл, донж маяг бүхий урлаг, соёлын хосгүй бүтээлүүд юм. Мөн тэдгээрийн дотор Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын дэг сургуулийн нарийн ур хийцтэй цутгамал бүтээлүүд ч багтаж байгаа юм.
Хоноглох байр:
Жуулчны бааз, Зочид буудал, Майхан
Үзэх газрууд: Шанхын хийд, Хужирт сум, Үүртийн тохой, Төвхөн хийд /120км орчим аялна/
Шанхын хийд:
Шанхын баруун хийдийн туурь нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн төвөөс 4км орчим зайд харзан голын баруун эрэгт, сайхан булгийн дэнж хэмээх, газар байдаг. Энэ хийд анх 1650 онд байгуулагдсан хуучнаар Түшээт Хан аймгийн Түшээ Гүний хошууны гол хийд байсан юм. 1654 онд номын их хүрээ Орхон голын хөндийгөөс Хэнтий уулын өвөр тийш нүүхэд Өндөр гэгээн Занабазарын төрсөн дүү СойвонБилбийДоржид номын хүрээний гол үндсэн хэсэг мөн түүхийн эх сурвалж бичиг баримт судар түүх дурсгалын холбогдолтой үнэт зүйлүүдийг үлдээж нүүсэн байна. Энэ цагаас эхлэн баруун талд үлдсэн хийдийн гол хэсгийг олны дотор /Баруун хүрээ/ хэмээн нэрлэх болжээ. Энэ нь бас Шанх уулын өвөр талд байрших болсноор Шанхийн хүрээ гэж хожим нэрлэгджээ. Ийнхүү түүх нь номын хүрээ буюу Богдын хүрээний гарал үүсэлтэй холбогдоно.
Хужирт сум:
Шунхлай уулын домгоос цухас дурдахад, эрт дээр үед энд хүн амьтан цөөнтэй, ой мод, ан амьтан элбэгтэй газар байжээ. Байгалийн цогцолборт энэ сайхан газар цагаан морьтой өвгөн, эмгэн хоёр амь зуун, өвгөн нь ан гөрөө хийдэг байж.
Өвгөний нэрийг Шунхлай гэнэ. Өвгөн нэг өдөр анд явж байтал баруун уулнаас нь нэг доголон буга бууж ирээд голын зүүн хөвөөнд хэвтээд өгч гэнэ. Өвгөн түүнийг намнах гэж ойртон очтол буга айсан шинжгүй хэвтээд л байсанд алалгүй орхиод явжээ. Хэдэн өдрийн дараа нөгөө буга доголохоо болиод явжээ. Шунхлай өвгөн эмгэндээ учир явдлаа хэлж хэвтэж байсан газар нь очиж үзвэл намаг шалбаагтай, дарь хүхэр үнэртсэн халуун устай жижиг тойром байжээ. Өвгөний хөл байнга өвддөг байж. Тэгээд бугын хөлийг эдгээсэн тул тустай биз гэж хөлөө дүрээд авахад хөл нь эдгэрчээ. Өвгөн эмгэн хоёр баяр хөөр болж усны учрыг нутгийхандаа хэлсэнд өвчин эмгэгтэй улс цугларан өөрсдийн өвчинг эдгээх болжээ.
Өвгөн Шунхлай насанд дарагдаж, бие барж, цагаан морь нь үхжээ. Ингээд уг рашааны хойд уулыг өвгөний нэрээр нэрлэн тэр уулан дээрээ цагаан морины толгойг нь тавьж тахисан домогтой юм.
Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, Орхон голын сав газарт, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн төвшнөөс дээш 1600 метрт, Улаанбаатараас 390 км-т оршдог. Карбонат-сульфат-натри-кальцийн найрлагатай, фторт азотын халуун рашаан бөгөөд үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ.
Үүртийн тохой:
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 18 километр зайд орших Орхоны хүрхрээнээс зүүн тийш Хужирт орох замд тааралдах ханан хад бүхий хавцлыг Үүртийн тохой гэдэг. Далайн төвшнөөс дээш 1630 метр өндөр. Энд дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг. Анх Хүүртийн тохой гэдэг нэртэй байжээ. Энэ тухай олон янзын домог бий. Түүний нэг нь, эрт үед Үүртийн тохой нь Үйлтийн тохой гэдэг нэртэй байжээ. Учир нь Галдан бошигт олзолж авсан цэргүүдээ Үйлтийн тохойн хавцлын эрэг дээрээс шахан унаган хороодог байжээ. Нөгөө нэг домог нь Галдан бошигт Өндөр гэгээн Занабазарыг барихаар Төвхөн хийдэд ирэх замд нь Орхон гол гэнэт үерлэн Галдан бошигтын цэргүүд олноороо усанд үйж үхжээ. Үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд овоорон гарч ирсэн тул Хүүртийн тохой гэж нэрлэжээ. Энэ хэллэг сунжирсаар Үүртийн тохой болсон гэх. Энэ үйл явдлын дараа Манжийн хаан Өндөр гэгээн Занабазарыг аварсан Орхон голд “Түшээ гүн” цол олгож, Улаан цутгалангийн тогоонд жил бүр 100 лан цагаан мөнгө өргөж байх зарлиг гаргасан хэмээдэг. Социализмын үед бурханы шашныг хавчин хаахад нутгийн ард түмэн бурхан тахил зарим эд хөрөнгөө энэхүү Улаан цутгаланд өргөл болгон өргөсөн гэдэг. Бас нэгэн домогт, Улаан гол нь анх цутгалан болж урсах усгүй, зөвхөн хайрга байсан гэх. Цэрэг дайны үед Монголын хэдэн цэрэг гамингуудад хөөгдөн амь дүйж яваад Улаан голын хайрган дээгүүр гарсан гэнэ. Тэдгээр монгол цэрэг дунд нэгэн ном эрдэмтэй цэрэг явсан гэх бөгөөд мөнөөх цэрэг “Улааны гол минь улаанаар урс” хэмээн дуу алдан орилжээ. Гэтэл улаан голын дагуу улаанаараа эргэлдсэн үерийн ус орж ирэн гамин цэргүүдийг аван одсон гэнэ. Тэр үерт үйж үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд ирж хуралдсан учир Хүүртийн тохой гэдэг нэртэй болжээ. Хожим нь олон хүний хүүр оршсон энэ газарт байнга хүн мал эндээд байхаар нь нэрийг нь өөрчилж Үүртийн тохой болгосон хэмээдэг. Орхон гол нь Улаан эргийн тохой гэдэг газраас Үүртийн тохой хүртэл тасралтгүй 10-25 метрийн өндөр хавцлаар 60 гаруй километр зам туулан урсдаг.
Төвхөн хийд:
Төвхөн хийд нь Өвөрхангай аймгийн Бат-өлзий сумын төвөөс зүүн хойш 24 км-т Шивээт улаан уулын орой болох түшлэг суудал мэтээр тогтсон байц хадны дундах багавтар тавцан дээр Төвхөн хийд оршино.Төвхөн хийдийг 1653 онд Эрдэнэзуу хийдэд цугласан Халхын ноёд, лам нар Өндөр гэгээн Занабазарт бүтээлийн тусгай байр барьж өгөх санаачилга гаргаж, хангай нуруунаа орших байгалийн өвөрмөц тотолц, хосгүй үзэсгэлэнгээрээ Монгол нутгийн ховор газрын нэг Шивээт улаан хэмээх газар Дувхан буюу Төвхөн нэртэй бүтээлийн сүмийг Өндөр гэгээний удирдлага заавраар байгуулж, Эбэнганчил буюу баясгалант аглаг орон хэмээн нэрлэжээ. Өндөр гэгээн Төвхөнд Монгол төр ёс, хэл соёлыг хөгжүүлэхих зүйлийг бүтээн туурвиж, Монгол дахь буддын шашны дэг ёсыг үндэсний хэлбэрт айжмаар оруулан лам хуврагуудын өвөл зуны малгайны хэлбэр, хурал хурал журмыг шинэчлэн зохиосон байдаг. Занабазар Төвхөнд сууж байхдаа Монгол хүний оройн дээд шүтээн тусгаар тогтнолын бэлэгдэл болсон мөнхийн бүтээл, Монгол улсын хожмын төрийн сүлд соёмбо тэмдэг, соёмбо үсэг хэмээх шинэ бичгийг 1686 онд зохион бүтээснийг түүхэнд тэмдэглэжээ.
Хоноглох байр:
Жуулчны бааз, Майхан
Үзэх газрууд: Төвхөн хийд, Улаанцутгалан /70км орчим аялна/
Улаан цутгалан:
Өвөрхангай аймгийн Батөлзий сумын төвөөс баруун зүгт 28 км-т Улаан Цутгалангийн хүрхрээ нь 24 м өндрөөс буудаг, 5-7 метр орчим өргөнтэй. 20 мянган жилийн өмнө газар хөдлөлт галт уул дэлбэрэлтээс үүссэн энэхүү хүрхрээ нь Орхон голын цутгал Улаан голын адагт байдаг тул Улаан цутгалангийн хүрхрээ нэртэй болсон. Улаан Цутгалагийн хүрхрээ нь 11 сарын сүүлийн хагаст хөлдөж 3-р сарын суул үе хүртэл дунджаар 130 хоног мөсөн баринтагаа барьдаг. Улаан Цутгалангийн хүрхрээний мөсөн хананы өндөр 24 метр, 85-90 градус эгц тул мөсөн авиралтын WI5 /water ice/ ангилалд хамааруулан жил бүрийн 12 сард мөсөн авиралтын улсын уралдаан, тэмцээнийг зохион байгуулж байна. Өвөл хүрхрээнд авирах хэд хэдэн мөсөн хана үүсдэг тул мэргэжилийн болон сонирхогчдын түвшинд авиралт хийж байна.
Үзэх газрууд: Орхоны хөндийн, Тэмээн чулуут, Улаанбаатар хот /480км орчим аялна/
Дэлхийн соёлын өв Орхоны хөндийн:
Орхоны хөндийн нь археологийн болон түүх соёлын олдвороор нэн баялаг бөгөөд YIII-IX зууны Уйгарын нийслэл Хар балгас, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот, Төвхөн хийд зэрэг түүх соёлын дурсгалт газрууд оршиж байдаг. Ийнхүү олон зуун жилийн турш Азийн соёлын ихээхэн хэсгийн цөм болсон Төв Азийн нүүдлийн соёл иргэншилд их хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ЮНЕСКО-гоос “дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэдэг зэрэглэлээр Орхоны хөндийд буй Эрдэнэзуу хийд, Хархорум хотын туурь, Төвхөн хийд зэргийг 1996 онд дэлхийн өв соёлд бүртгэн авснаар улсын тусгай хамгаалалтанд орсон билээ.
Орхоны хөндийн түүх соёлын өвүүд нь Орхон голоо даган байрлаж байдаг. Дэлхийн өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн байгаль орчныг онгон төрхөөр нь хамгаалах, тус бүс нутагт эдийн засгийн үйл ажиллагааг зохицуулах, газарзүйн онцлогт нь тохируулан шинэ дэд бүтэцийг хөгжүүлэх зорилгоор Байгаль орчны сайдын тушаалаар 2006 онд хамгаалалтын захиргааг байгуулан Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт байршуулжээ. Энэхүү хамгаалалтын захиргаа нь Орхоны хөндий орчмын нутаг, Хангайн нурууны зүүн хойд төгсгөл хэсгийг хамарна. Гадаргын хувьд Орхон Сэлэнгийн сав газрын бэсрэг уулс, Орхон голын өргөн хөндий гэсэн хоёр хэсгээс тогтоно. Нутгийн гадаргын зонхилох хэсгийг бэсрэг уулс, намхавтар гүвээ жижиг толгодын зэрэгцээ Орхон гол, түүний цутгал жижиг голууд, уулс хоорондын ам, өргөн нарийн хоолой хөндий, тэгш талууд эзэлнэ. Уулсын хувьд 2377 метр өндөр Хутаг уул, 2312 метр өндөр Өндөр овоот, 2227 метр өндөр Шивээт улаан, 1863 метр өндөр Их бэрх, 1646 метр өндөр Их арцат уулс оршдог. Орхон голын сав дагуу Хангайн нурууны зүүн урд үзүүрийн өндөр уулын тайгархаг ой, уулын ойт хээр, голын хөндийн нуга, хуурай хээр гэсэн байгалийн олон янзын төрх байдал хосолсон байдаг.
48 зүйл хөхтөн амьтан байдгаас ховорт тооцогдох дагуурын зараа, шилүүс, зэрлэг гахай, халиун буга, баданга хүдэр бий. Сахалт багваахай, ойн багваахай, уссаг багваахай, жижиг соотгой, буурал самаахай, умрын сарсаахай, гар далавчтан зэрэг жижиг хөхтөн байхаас гадна агнуурын ач холбогдолтой 17 зүйл хөхтөн бий. Ургамалжилтаараа жинхэнэ хээр, Сибирийн тайгын бүс хоёрын завсрын бүсэд хамаарна. Орхон голын эрэг дагуу, хоёр хажуугийн хад асгатай огцом хажуу их бөгөөд тэнд сөөг, сөөгөнцөр ургамал ургадаг.
Уйгарын нийслэл Хар балгас хотын туурь Архангай аймгийн Хотонт сумын нутагт байдаг. Энэ хот 761 онд Уйгарын хаан Пейлогийн ордон барьж эхэлснээр үүсчээ. Хар балгас хот нь Уйгарын засаг захиргааны төв төдийгүй худалдаа эдийн засаг соёлын төв, Ази Европыг холбоосон гүүр болж байжээ. Хот 5 х 10 километр газар нутгийг эзэлж байжээ. Хар балгасын тууринд байх хааны ордны суурь 412 х 491 метр хэмжээтэй. Энд сүм хийд, иргэдийн хороолол, гар урчууд болон худалдаачдын хороо гудамж байрлаж байжээ. Ихэнх нүүдэлчид хотоо тойруулан цамхаг, бэхэлсэн хэрэм, цэргийн хуаран барьж байгаагүй боловч Хар балгас хотыг тойруулан цамхаг, бэхэлсэн хэрэм барьж байгуулсан нь түүнийг цэргийн өндөр ач холбогдолтой газар байсан хэмээн судлаачид үздэг.
Тэмээн чулуутын буган чулуу болон дөрвөлжин булш:
Бат-Өлзий сум, Цагаан голоос 1 км-т Тэмээн чулуу гэдэг газар 30 гаруй дөрвөлжин булш, буган чулуун хөшөө бий. Энэ газрыг Монголын хүрэл зэвсгийн (МЭӨ 3000–900 жил) үед хамаарах буган чулуун хөшөөний нэрээр нэрлэсэн ба тэр хөшөөн дээр тэмээ хөтөлсөн хүнийг дагаж яваа хэсэг хүнийг улаан зосоор зурсан байдаг. Ойр хавийн уулнаас боржин чулууг авчирч, засч янзлалгүй байгалиар нь хийсэн булшны чулуу, буган чулуун хөшөөний буга хийгээд бусад амьтдын дүрс нууцаа оньсого мэт хадгалсаар байна.