ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАН ТҮҮХ, ТОВЧ ЗАМНАЛ

Өвөрхангай аймгийг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 тогтоолоор тухайн үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн гол хошуудаас, одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтай Түйн голын Цагаан эрэгт төвлөрүүлж нэг том аймаг болон анх байгуулагдсан түүхтэй.

1934 онд аймгийн төвийг одоогийн Арвайхээр хотод төвлөрүүлж, 1942 оноос одоогийн Баянхонгор аймгийн зарим сумдыг Архангай, Завхан аймгуудад шилжүүлэн, Архангай аймгаас одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Баян-Өндөр, Төв аймгийн Эрдэнэсант сумдыг нэгтгэн шинэчлэн зохион байгуулжээ.

Өвөрхангай аймгийн ард түмэн анх байгуулагдсан цагаасаа эхлэн ардын төрөө дэмжин хүрээлж аймаг, сумаа байгуулан бэхжүүлж хөгжүүлэхэд сэтгэл зоригоо нэгтгэн зүтгэсний үр дүнд орон нутгийн захиргаад богино хугацаанд цэгцрэн, сургууль, хүн, малын эмнэлэг, хоршоо худалдаа, артель, хоршооллууд анхлан байгуулагдаж төрийн бодлого, шийдвэрийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Аймаг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 106 багтай, 32 мянган гаруй өрх, 112 мянган гаруй хүн амтай, аймгийн төв Арвайхээр хотод 7 мянган гаруй айл, өрх, 27 мянган хүн оршин суудаг.

Өдгөө зах зээлийн нөхцөлд хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбаруудыг хөгжүүлж, орон нутгийн хөгжил дэвшилд хувийн хэвшлийн оролцоо дийлэнх хувийг эзлэж, бүтээн байгуулалт, бизнесийн цар хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байна.

Хосгүй сайхан байгаль өнө мөнх дурсагдах уламжлалт ёс заншлаа сэргээн хайрлан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх, айл хотол, ахан дүүсээрээ ажлын байр бий болгож, амьдрал ахуйгаа дэвжээж, их бүтээн байгуулалтын ажилд Өвөрхангайчууд шамдан ажиллаж байна.

  • НЭГ. ГАЗАР ЗҮЙН НӨХЦӨЛ

Аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 63.5 мянган км.кв, хойноос урагшаа 385 км, зүүнээс баруун хил хүртэл 310 км, улсын нийслэл Улаанбаатар хотоос 430 км зайд оршдог. Нутгийн хойд хэсэгт Хангайн нурууны, өмнө хэсгээр нь Алтай нурууны салбар уулстай, аймгийн нийт нутгийн 23.0 хувь нь хангайн, 28.2 хувь нь тал хээрийн, 48.8 хувь нь говийн бүсэд оршдог.

Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газрууд, үзэсгэлэнт Орхоны улаан цутгалан, Хүйсийн найман нуур, Нутгийн минь сахиус тэнгэр болсон Баруун, Зүүн хайрхан, Дөлгөөн, Батхаан, Ханхөгшин, Зүүн богд Ханбаян, Хангайн овоо, Авзага, Хонгор хайрхан зэрэг хийморь түшсэн уул нурууд, хишиг буянтай рашаан ус, ой мод, эрдэнэт сүрэг багширсан гурван бүсийн тэгш сайхан нутаг, эртний түүхт Хархорум, Монголын төв цэг, Өндөр гэгээн Занабазарыг хаан ширээнд залж даахийг үргээсэн Ширээт цагаан нуур, номын бясалгалт газар Төвхөн хийд зэрэг нутгийн гоо үзэсгэлэнт байгаль олонтой билээ.

Аймгийн төвөөс баруун тийш орших “Баян толгой”-д байгуулсан Монгол түмний Морины их шүтээн цогцолбороор мөн бахархан шүтдэг.

  • ХОЁР. ХҮНИЙ ХӨГЖИЛ

Аймгаа хөгжүүлэх бодлогын төвд хүний хөгжлийг тавьж, хөгжлийн эх сурвалж болсон хүн ардаа хөгжүүлэх, боловсролтой болгох, нутгийн боловсон хүчин бэлтгэх, аймгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, бие даан хөгжих суурь нөхцлөө бүрдүүлэх, хууль ёсоор дээдлэн сахих, сахилга, дэг журмыг хангах зэрэг олон зорилтуудыг дэс дараатай хэрэгжүүлсний үр дүнд ардчилсан нийгэм, эдийн засгийн харилцаанд шилжиж, орон нутагтаа өөрчлөлт, шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлж байна.

Сүүлийн жилүүдэд аймгийн хүн ам тогтвортой өсч, дундаж наслалт 67 гаруй байна.

Ерөнхий боловсролын 30 сургуулийн 757 бүлэгт 23 мянган хүүхэд суралцаж, 31 цэцэрлэгийн 112 бүлэгт 3 мянга гаруй хүүхэд хүмүүжин суралцдаг.

МУШУТИС-ийн аймаг дахь Технологийн сургуульд Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Өвөрхангай аймгийн 440 гаруй оюутнууд 6 мэргэжлээр, тус сургуулийн дэргэдэх Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд 16 мэргэжлээр 1400-аад сурагчид суралцдаг. Аймгийн хэмжээнд Бүсийн оношлогоо эмчилгээний төв 1, сум дундын эмнэлэг 1, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг 1, сумын эмнэлэг 16, өрхийн эмнэлэг 6, хувийн хэвшлийн ортой эмнэлэг 4 тус тус үйл ажиллагаа явуулж байна.

Аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв нь 6 аймгийн 76 сумын хүн амд үйлчилж байна.

Дээрх салбаруудад олон улсын байгууллагуудын төсөл, хөтөлбөрүүд үе шаттайгаар амжилттай хэрэгжин, ажиллагсдын мэдлэг ур чадварыг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, барилга байгууламж шинээр барих, засварлах, байгууллагуудын чадавхийг нэмэгдүүлэх зэрэг иргэдийн хэрэгцээнд нийцсэн олон ажлууд хийгдэж байна.

  • ГУРАВ. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ САНХҮҮ

Аймгийн хэмжээнд жилд дунджаар 100 гаруй тэрбум төгрөгийн дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн 10 жилээр авч үзэхэд 153-1081 мянган төгрөг хүртэл өслөө.

Аймгийн хөгжилд хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд нэмэгдэж сүүлийн 2 жилд улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт 22 тэрбум төгрөг, төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 8 гаруй тэрбум төгрөгт хүрч, их бүтээн байгуулалтын ажлууд нь иргэдийн орон нутагтаа тав тохитой ажиллаж амьдрах орчинг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа болно.

Ийнхүү аймгийн эрхэм зорилго, алсын хараа зэрэг аймгийн урт хугацааны хүрэх үр дүнгийн илэрхийллүүд амжилттай хэрэгжиж байгаа болно.

Жилд дунджаар аймгийн төсөвт 4.2 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлж, орон нутгийн татварын бааз суурь нэмэгдэн татварын төлөвлөгөөг жилээс жилд давуулан биелүүлж, бизнес эдийн засгийн таатай орчин бүрдүүлэн ажиллаж байна. Нийт санхүүжилтийн 20 шахам хувийг орон нутгийн төсвийн орлогоос бүрдүүлж байгаа болно.

  • ДӨРӨВ. ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ

Өвөрхангай аймаг нь хүнс, хөдөө аж ахуй түүний дотор мал аж ахуй зонхилсон аймаг билээ. Улсдаа олон малтай аймгийн хувьд улсын мал, мах, ноос, ноолуур, түүхий эд бэлтгэл, цөцгийн тос, гэрийн мод, тавилгын үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг. Түүхт 80 жилийн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн салбараас олон зуун улсын аварга малчид, хөдөлмөрийн баатар, гавъяатууд төрөн гарсан.

2010 оны жилийн эцэст 2012 мянган толгой мал тоолуулж, өөрийн дотоодын хэрэгцээт махаа бүрэн хангаж, зах зээлд жилд дунджаар 8-11 мянган тн мах нийлүүлдэг.

Усалгаатай газар тариаланг сэргээн хөгжүүлэх зорилт тавин ажилласнаар 2010 онд 1054 тн үр тариа, 2657.4 тн төмс, 1540 тн хүнсний ногоо хураан авч, орон нутгийн хэрэгцээнийхээ 19.1-47.0 %-ийг хангаж байна. Хөдөө аж ахуйн түүхий эд, байгалийн нөөц баялагт түшиглэсэн хүнсний жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, усалгаатай газар тариаланг түлхүү эрхлэх замаар газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжиж байна.

  • ТАВ. АЖ ҮЙЛДВЭР

Нийт сумдын 90 гаруй хувь нь төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож, зам тээвэр, харилцаа холбоо зэрэг эдийн засгийн дэд бүтэц сайн хөгжсөн нь Өвөрхангайчуудад өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломж бололцоог бүрдүүлж, аж ахуйн нэгжийн тоо зах зээлийн сүүлийн 10 жилд 316-872 хүртэл өсч, ажлын байр нэмэгдэж, хөрш зэргэлдээ бусад аймгуудтай харьцуулахад иргэдийн аж төрөх амьжиргааны түвшин илүүтэй байна.

Баянтээгийн нүүрсний уурхай жилд дунджаар 550 сая төгрөгийн 35000 тн нүүрс олборлон аймгийнхаа нүүрсний хэрэгцээг 100 хувь, Баянхонгор аймгийн нүүрсний 70-80 хувийг хангаж байна.

Барилгын материалын үйлдвэрлэл 11946-23848 төгрөгт хүрч бүтээн босголтын ихээхэн ажлууд хийгдсэн нь аймаг орон нутгийн өнгө төрх өөрчлөгдөхөд үлэмж хувь нэмэр оруулав.

Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд ажил үйлс, амжилт бүтээлээрээ хошуучилж, төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ, нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбогдсон дэд бүтцийн давуу талаа ашиглан хөгжиж иргэдийн ажиллаж амьдрах, сурч хөгжих ая тухтай орчныг алхам алхмаар бүрдүүлсээр байна.

  • ЗУРГАА. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

Монгол орондоо төдийгүй дэлхийн түүхэнд мөнхөрсөн XIII зууны эртний Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хот нь тухайн үеийн Монгол орны улс төр, эдийн засаг, соёл, засаг захиргаа, олон улсын харилцааны төв байсаар Бурхан шашны анхны төв Эрдэнэ-Зуу хийд, ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монголын бурхан шашны тэргүүн, анхдугаар Богд төр, шашин, соёл урлагийн нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Занабазар, түүний хосгүй бүтээл соёмбо, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын анхны шав тавьсан газар нутаг зэрэг нь Өвөрхангайчуудын түүх, соёлын бахархал мөн.

Улсын хэмжээний аялал жуулчлалын гурван том бүс нутгийн нэг Орхоны хөндийн сав газрыг түшиглэн тус аймагт аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Тус аймаг нь 15 жуулчны баазад жилд дунджаар 25000 орчим жуулчин тогтмол хүлээн авч үйлчилж байгаа бөгөөд Монгол Улсад айлчлан ирж байгаа нийт жуулчдын 25% буюу 90000 гаруй жуулчин манай аймгийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрч байна.

  • ДОЛОО. БИДНИЙ БАХАРХАЛ

Монгол улсаа хөгжүүлэхэд Өвөрхангай аймгаас төрөн гарсан Богд хаант Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн, Улсын Бага хурлын анхны дарга П.Гэндэн, МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Ж.Лхүмбэ, Монгол Улсын сайд С.Довчин, Ч.Чойдогсүрэн, Г.Даншийцоодол, Ж.Сэнгэдорж нарын зэрэг эх оронч олон хөвгүүд ардын төр, засгаа бэхжүүлэхэд амь бие хайргүй зүтгэж тэмцэж явав.

Харийн түрэмгийлэгчдээс эх орноо хамгаалах, эх орны дайны жилүүдэд анд Зөвлөлтийн ард түмний тэмцлийг дэмжих, Японы түрэмгийлэгчдээс хөрш Хятад орныг чөлөөлөх үйлсэд Өвөрхангайчууд Монголын ард түмнийхээ хамт баатарлагаар тэмцэж Монгол Улсын баатар Л.Аюуш, эх оронч Д.Дашдондог нарын зэрэг олон арван баатар зоригтнуудын гавъяагаар ялалт, амжилтыг авч ирэлцсэн түүхтэй эрэлхэг гавъяатай ард түмэн билээ.

Социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжих өөрчлөлт, хөдөлгөөн өрнөж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бүх нийтийг бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой болгох, соёл урлагийг хөгжүүлэхэд үлэмж их амжилт олсон юм. Тухайлбал: Монголын соёл, боловсрол, урлагийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан ардын жүжигчин, төрийн хошой шагналт Н.Жанцанноров, яруу найрагч Ц.Гайтав, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, НҮБ-ын элч дуучин Т.Ариунаа, уран сийлбэрч Л.Чуваамид, ардын зураач А.Сэнгэцохио, нэрт эрдэмтэн Чой.Лувсанжав, П.Хорлоо, математикч Г.Дашдорж, нобелийн шагналт эрдэмтэн Жаргал, алдарт уртын дуучин Нямлхагва, МУГЖ Ө.Базарбат, Д.Баттөмөр, Г.Очирбат, Д.Түвшинжаргал, С.Цоодол нар энэ нутаг уснаас төрсөн бөлгөө.

Олноо алдаршиж онцгойрон тодорсон Их монгол Шаравжамц, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох, дэлхийн аварга Зэвэгийн Ойдов, Мэндийн Хойлогдорж, ардын багш ах дүү хоёр Чимидбазарын Дамдиншарав, Насантогтох, сумогийн их аварга Долгорсүрэнгийн Давгадорж нар нь Өвөрхангай аймгийн төдийгүй дэлхийн спортын салбарын бахархал билээ.