АРЦ БОГДЫН НУРУУ

Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй.
Ноён оргил нь далайн төвшнөөс дээш 2477 метр өндөр Их баян уул. Уулын өвөр тал нь нилээд налуу, олон салбар уулстай. Тухайлбал, Дулаан богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг.
Ийнхүү Арц Богд уул нь салбар уулсын хамт 180 километр үргэлжилдэг. Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм их гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг, алтан дуулгат хайрхан юм.

ХУЖИРТЫН ХАЛУУН РАШААН

Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг, Орхон голын сав газарт, Хангайн нурууны салбар Шунхлай, Гуа, Шивээт уулсын дунд далайн төвшнөөс дээш 1600 метрт, Улаанбаатараас 390 км-т оршдог.
Карбонат-сульфат-натри-кальцийн найрлагатай, фторт азотын халуун рашаан бөгөөд үе мөч, арьсны өвчин, ясны гэмтэл, эмэгтэйчүүд, мэдрэлийн өвчний үед голдуу хэрэглэнэ. Мөн эмчилгээний хүчийн зүйлийн нэг бол лаг хар шавар бөгөөд үе мөч болон арьсны зарим өвчний үед хэрэглэнэ.
Эмчилгээг шавраар, усаар, зүүгээр, бариа заслаар, мөн физик эмчилгээний аргаар зохион байгуулдаг. Тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай өөрөөр хэлбэл, кардиогены шок, хүнд хэм алдагдал, зүрхний шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэлтийн өвчин IIБ түүнээс дээд шат, зүрхний бахын байнгын болон хүнд хэлбэрийн илэрлийн үед энэ рашаан зохимжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хужирт рашаан сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 350-600 хүн хүлээн авах хүчин чадалтай.

8R7A4373

УЛААН ЦУТГАЛАНГИЙН ХҮРХРЭЭ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан хүрхрээ нь зуны дэлгэр цагт гадаад, дотоодын аялагч, жуулчдын үзэхийг хүсдэг хамгийн үзэсгэлэнтэй газрын нэг юм. Улаан цутгалангийн тухай домогт ийн өгүүлсэн байдаг. Дайны үед Монголын цэрэг гамингуудад хөөгдөж амь дүйж яваад хайрган дээгүүр гарсан гэнэ. Монгол цэргүүдийн нэг нь номтой гэх бөгөөд тэрээр “Улааны гол минь улаанаар урс” гэж дуу алдан орилоход, Улаан голын дагуу үер буун гамингийн цэргүүдийг аван одсон гэнэ. Хожим түүнээс хойш “Улаан цутгалан” гэж нэрлэх болжээ.Тэгээд тэр хүүрнүүд нэг хөндийд очин цугларсан бөгөөд тэр газрыг хүүртийн хөндий гэх бөгөөд олон жилийн явцад үүртийн хөндий болжээ.
Өвөрхангай аймгийн Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг үүсгэсэн ажээ. Хүрхрээгээс баруун хойшоо Бага хүрхрээ гэж нэг боргио бий.

ХҮЙСИЙН НАЙМАН НУУР

Хүйсийн Найман нуур нь Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотоос 115 км-т орших ба УБ хотоос аймгийн төв хүртэл 450 км байдаг. Зам маш бартаатай боловч жуулчид энэ бүсэд ихэвчлэн морь унаж баруун хойноос нь ирдэг. Хүйсийн Найман нуур нь Монгол орны төв хэсэг, Хангайн уулсын дунд д.т.д 2400 метрт оршдог. Тус газрын ихэнх хэсэг нь Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт байх агаад баруун талаараа Бат-Өлзий сумтай хиллэдэг. Мөн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын нэг хэсэг болдог. Хойд талаараа галт уулын чулуулаг тархсан тал газраар хүрээлэгдсэн хүн ам сийрэг суурьшсан газар юм.
Ширээт, Халиут, Бугат, Хаяа, Хүйс, Мухар, Дөрөө, Баян-Уул хэмээн нэрлэгдсэн найман нуур байх бөгөөд хоорондоо газар доор усны судлаар холбогдсон байдаг. Нуурууд хоорондоо 500 метрээс 3 км хүртэл зайтай байдаг. 2007 оны байдлаар уг нууруудын 2 дахь том нуур Хүйсийн нуурын 10 % орчим нь ширгэж, 2 жижиг нуур нь бүрмөсөн ширгэсэн байна. Хүйсийн Найман нуур нь уулын тагийн бүслүүрийн хөрстэй, шилмүүст болон Сибирийн хар мод, хушин ойтой. Хойд талаараа галт уулын чулуулагтай тэгш тал, нүцгэн оройтой уулсаар хүрээлэгдсэн байдаг. Энэ бүсэд саарал чоно, халиун буга, зэрлэг гахай, тарвага, хэрэм, жирх, чандага, огдой зэрэг амьтад байдаг. 50 орчим төрлийн шувууд байдгаас Монголын улаан номонд орсон цасны хажир бүргэд, ухаа хажир бүргэд тэмдэглэгджээ.

photo 10

ЭЛСЭН ТАСАРХАЙ

Төв аймгийн Эрдэнэсант, Өвөрхангай аймгийн Бүрд, Булган аймгийн Рашаант сумдын нутгийг дамнан Батхаан уулын баруун талаас эхэлж Хөгнө хаан уулын баруун талаар сунаж тогтсон 80 километр орчим урт элсэн манхан юм. Төв зам энэ элсэн манханг хувааж байдаг бөгөөд өмнө хэсгийг нь Монгол элс, хойд талыг нь Хөгнө тарнын элс гэж нэрлэдэг. Тарнын голын нөлөөгөөр элсэн доороо чийгтэй байх бөгөөд бургас, хайлаас, яргай зэрэг бутлаг ургамал ургана. Эргэн тойронд нь жуулчны баазууд байрлах бөгөөд хойд талд нь Хөгнө хаан хэмээх үзэсгэлэнт сайхан уул, урд талд нь Их Монгол хэмээх Монгол орны хүйс цэгийг баримжаалах уул оршино.

ҮҮРТИЙН ТОХОЙ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төвөөс зүүн хойш 18 километрт Улаанбаатар хотоос Орхоны хүрхрээ хүрэх зам дагуу бас нэгэн гайхамшигт ханан хад бүхий хавцлыг Үүртийн тохой гэдэг. Далайн түвшнээс дээш 1630 метр өндөрт. Энд дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг. Анх Хүүртийн тохой гэдэг нэртэй байсан бөгөөд Галдан хааны цэргүүд Өндөр гэгээн Занабазарыг барихаар Төвхөн хийдэд ирэх замд нь Орхон гол гэнэт үерлэн Галдан бошигтын цэргүүд олноороо усанд үйж үхэн. Үхсэн цэргүүдийн хүүр Үүртийн тохойд овоорон гарч ирсэн тул Хүүртийн тохой гэж нэрлэжээ. Энэ хэллэг сунжирсаар Үүртийн тохой болсон гэх. Энэ үйл явдлын дараа Манжийн хаан Өндөр гэгээн Занабазарыг аварсан Орхон голд “Түшээ гүн” цол олгож, Улаан цутгалангийн тогоонд жил бүр 100 лан цагаан мөнгө өргөж байх зарлиг гаргасан хэмээдэг. Орхон гол (түшээ гүн) нь Улаан эргийн тохойгоос Үүртийн тохой хүртэл тасралтгүй 10-25 метрийн өндөр хавцлаар 60 гаруй километр зам туулан урсдаг. Монгол орны хамгийн урт гол юм.

1960x1000-2

ИХ БАГА МОНГОЛ УУЛ БОЛОН ШИРЭЭТ ЦАГААН НУУР

Өндөр гэгээний өргөөг барьж өнөөгийн Монгол улсын нийслэлийн шавыг тавин, өлзий буян дэлгэрсэн үзэсгэлэнт сайхан нутаг бол Монгол нутгийн хүйс их, бага Монгол уулын хооронд орших Монгол элсний Ширээт цагаан нуур юм. Өндөр гэгээний өргөөний анхны хэв загвар нь тооно, унь, хана, хаалга бүхий монгол гэрийн хэлбэрээр урлан бүтээсэн цагаан эсгий бүрээстэй дуган, түүнийг тойрсон жижиг сүм, суврага гэр тэргүүтэн байжээ. Тэр хүндтэй газар нутагт алтан шаргал өнгөт монгол элсний цагаан нуурын хөвөөг сонгосон нь тохиолдлын бус түүх уламжлал, төр ёс, билэгдэл байгаль экологийн учир холбогдолтой байжээ. Энэ нутаг нь хангай, говь завсрын бүсийн бүх шинжийг хадгалсан уул ус, нуур цөөрөм, рашаан булаг, цэцэг ногоо дэлгэрч арцны үнэр анхилсан монгол нутгийн тансаг бүхнийг агуулсан хосгүй сайхан нутаг юм. Эртний домог түүхтэй их, бага монгол уул Ширээт цагаан нуурыг ихэд хүндлэн арц үнэртнээр ариутган, тахилга хүндэтгэл үйлдсээр ирсэн түүхтэй. Эзэн Чингис хааны алтан ургийнхны төр ёсны уламжлал, билэгдэл, тэргүүлэх байр суурийг хадгалсаар ирсэн Орхон түшээ гүний сав нутагт Халхын Түшээт ханыхан улс төрийн үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж, төр ёсныхоо уламжлалыг хадгалсаар ирсэн сурвалжит түүхтэй ажээ.

ШИЛҮҮСТЭЙ (ӨНЦ ШИЛҮҮСТЭЙ)

Шилүүстэй хайрхан нь хайрхандулаан сумын 5-р багийн нутагт байрладаг Өшгөгийн нурууны урд үзүүрт оршдог бөгөөд сумын төвөөс 68 км зайтай байдаг. Шилүүстэй хайрханы урд үзүүр Гучин ус , Баруун баян улаан , Хайрхандулаан сумын хилийн заагуудад оршдог хайрхан юм. Шилүүстэй хайрхан нь эртний галт уулын тав хүрэмлэг чулуутэй тэгш оройтой хайрхан юм.

ШААМЫН РАШААН

Хайрхандулаан сумын 1-р багийн нутагт орших Шаамын Рашаан гэх газар нь сумын төвөөс 18 км зайд оршдог. Шаамын рашаан нь 200 литрийн багтаамжтай нэг том байгалийн тогооноос урсаж гардаг өвөрмөц тогтоцтой рашаан юм. Эрт дээр үеэс нутгийн иргэд ходоод зөсөнд сайн гэж эмчилгээний зориулалтаар хэрэглэж ирсэн. Мөн арц, сонгино, улиас яргай мод гэх мэт ургамал ургадаг чулуун уул бүхий байгалийн өвөрмөц тогтоц бүхий газар юм. Зуны цагт аялал зуаалга мөн рашаан уухаар иргэд их ирдэг. Шаамын рашаанаас 2 км зайд Нуудгай рашаан гэж рашаан мөн байдаг. Сүүлийн жилүүдэд Шамбалын орон гэж эрдэмтэн судлаачид мөн судлаж байгаа.

САНГИЙН ДАЛАЙ НУУР

Сангийн далай нуурын өргөн нь 1.5 км, урт нь 2,2 км, эргийн шугамын урт нь 6.2 км, гадгаш урсгалтай, Зэгэстэйн гол урсаж Сарын голтой нийлээд Орхон голд цутгадаг. Тус нуурын хунгийн чуулганыг үзэх гэж гадна, дотнын олон жуулчид ирдэг ажээ.

ШАРГЫН ХАД (ШАРГЫН ТАСАРХАЙ)

Нарийнтээл сумын Баянтээг 2-р багийн нутагт орших Шаргийн хад нь аймгийн төвөөс баруун тийш 135 км, Нарийнтээл сумын төвөөс баруун ургаш 25 км Баянтээг багын төвөөс баруун хойш 12 км зайтай байралдаг , Сэмжит хад, Гоожуур, Ямаан ус, Өвөр агуйт, Мянган бурханы таглаа зэрэг газруудаас бүрдсэн 25 км сунаж тогтсон бөрөнхий дугуй боржин тогтоцтой хад юм. Шаргын хаданд бургас, тоорой модноос гадна яргай, далий хайлаас, чавга, алтан харгана, арц, буйлас зэрэг модлог ургамал, тошлоо жимс жимсгэнэ ургана. Мөн ховор ан амьтан Аргаль, Угалз байршдаг. Амтны дүрс голдуу олон хадан чулуунаас бүрдсэн эргэн тойрон 50 орчим булш, хэргэсүр байршсан өвөрмөц тогтоцтой хадан уул юм.

ШУРАНГИЙН УЛААН ЦОХИО

Шурангийн “Улаан Цохио” нь Өвөрхангай аймгийн уянга сумын нутагт Шурангийн хөндийд “Хүйсийн Найман Нуур”-ын зүг явж байхад замд 28 метр өндөртэй хадан цохио таарна. Энэхүү цохиог сайн ажвал урд хэсэгт эртний бичээс бий бөгөөд цохиог давуулан чулуу шидсэн тохиолдолд олон малтай болж хүсэл биелэнэ хэмээн үздэг аж. Үүгээр зорин ирсэн хүмүүс хүслээ биелүүлэх гэж цохиог давуулан чулуу шидэх оролдлог хийж үздэг байна. Та ч бас шидээд үзэх боломжтой.

20160812_151535

ӨШГӨГИЙН НУРУУ (ӨШГӨГИЙН ИХ ЗАЛАА)

Нарийнтээл сумын Баянтээг 2-р багийн нутагт орших Өшгөгийн нуруу нь аймгийн төвөөс баруун ургаш 160 км сумын төвөөс сумын төвөөс зүүн ургаш 55 км Баянтээг 2-р багийн төвөөс баруун ургаш 20 км зайтай байралдаг. Байгалийн үзэсгэлэнт Буга хайрхан, Хутаг уул, Тэмээн хүзүү хайрхан, Шахалган дэнж, Баян уул гэх мэт газраар хүрээлэгдсэн. Баруун хойд тал нь Хутаг уул, Хоёр толгойгоор эхэлэн зүүн тийшээ Эмгэнтэй хүртэл 80км хүртэл урттай, 25 км өргөн үргэжилдэг. Өшгөгийн нуруу нь мянган айлын өвөлжөөтөй, Дархан цаазат ховор ан амьтан аргаль угалзын өлгий нутаг юм.