Удирдах зөвлөлийн 2021 оны 11 сарын 15-ны өдрийн 1/21 тоот тогтоолоор шинэчлэн батлав.
“Дэлхийн өв – Орхон голын нүүдэлчид Аялал жуулчлалын холбоо”
Төрийн бус байгууллагын дүрэм
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1-р зүйл. Дүрмийн зорилго
- “Дэлхийн өв – Орхон голын нүүдэлчид Аялал жуулчлалын холбоо ” /цаашид ДӨОГНАЖХ гэх/-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилго, бүтэц, зохион байгуулалт, удирдлага, санхүүжилт болон өөрчлөх, татан буугдах үндэслэлийг тогтооход оршино.
- ДӨОГНАЖХ нь өөрийн бэлгэдэл бүхий лого, “Дэлхийн өв – Орхон голын нүүдэлчид Аялал жуулчлалын холбоо ” гэх албан ёсны нэртэй бөгөөд товчилсон нэртэй байж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг бүрдүүлнэ .
- ДӨОГНАЖХ нь Монгол улсын аялал жуулчлалын гол бүс нутаг болох Өвөрхангай аймгийн Аялал жуулчлал эрхлэгчид болон орон нутгийн холбогдол бүхий төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл, хөгжил дэвшилд идэвхтэй оролцох харилцааг зохицуулахад оршино.
2-р зүйл. Хуулийн үндэслэл
- ДӨОГНАЖХ нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль,Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн иргэн, хуулийн этгээдээс Төрийн бус байгууллага /гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус/ байгуулахдаа, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана.
- ДӨОГНАЖХ-г Үндсэн хууль, төрийн бус байгууллагын тухай хууль, энэхүү дүрэмд заагдсанаас бусад байдлаар татан буулгахыг хориглоно.
3-р зүйл. Хуулийн этгээдийн эрх
- ДӨОГНАЖХ нь хуулийн этгээдийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
- ДӨОГНАЖХ нь өөрийн бэлгэдэл, тамга тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэх, банк санхүүгийн байгууллагад харилцах данстай байна.
4-р зүйл. Төрийн бус байгууллагын оноосон нэр, хууль ёсны байршил хаяг, байгуулагдсан огноо
- Төрийн бус байгууллагын оноосон нэр:
Монгол хэлээр: “ДЭЛХИЙН ӨВ – ОРХОН ГОЛЫН НҮҮДЭЛЧИД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ХОЛБОО”
Англи хэлээр: “WORLD HERITAGE – ORKHON RIVER NOMADS TOURISM ASSOCIATION”
- Төрийн бус байгууллагын хууль ёсны байршил, хаяг:
- Аймаг / Хот : УЛААНБААТАР
- Сум / Дүүрэг : ХАН-УУЛ
- Баг / хороо : 3-р хороо
- Гудамж, хороолол : 19-р хороолол, НУТГИЙН БУЯН ХОТХОН 37А
- Оршин байх хаяг: 17 давхар, 1704 тоот
- E майл хаяг: [email protected]
- Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагчид:
- Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан он, сар, өдөр:
2010 oны 11 сарын 08-ны өдрийн 01 тоот тушаалаар, Регистрийн дугаар РД: 8036063 тоот дугаараар улсын бүртгэлд бүртгэгдсэн.
5-р зүйл. Байгууллагын оршин тогтнох хугацаа
- ДӨОГНАЖХ нь үүсгэн байгуулагчдын хурлаар үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргаснаар үйл ажиллагаагаа эхэлж, удирдах зөвлөлөөс татан буулгах тогтоол гаргаснаар дуусгавар болно.
- ДӨОГНАЖХ нь энэ дүрэмд заагдсан бусад үндэслэлээр татан буугдаж болно.
ХОЁР. ЗОРИЛГО, ЗАРЧИМ, ҮНДСЭН ЧИГЛЭЛ
6-р зүйл. Зорилго, зарчмууд
- ДӨОГНАЖХ нь Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын салбарыг дэлхийн өвийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд төр, хувийн хэвшил, иргэд, мэргэжлийн бусад байгууллагын оролцоо, түншлэлийг бий болгон түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалах, хамгаалах, сурталчлах, байгалийн олон янз байдлыг хайрлан хамгаалах, үндэсний онцлог, уламжлалт зан үйлийг дэлгэрүүлэн таниулах чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, нутгийн иргэдийн аялал жуулчлалын талаарх мэдлэгийн түвшинг дээшлүүлэх үүднээс сургалт зохион байгуулах, монгол улсын болон аймгийн онцлог давуу талыг гадна дотны аялал жуулчлалын байгууллагуудад, аялагч жуулчдад таниулан сурталчилж, аялал жуучлалын салбарт хамааралтай ажилладаг иргэд, байгууллагуудыг нэгтгэн нягтруулж, орлогын эх үүсвэрийг бий болгоход мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллах ашгийн бус, гишүүнчлэл бүхий, төрийн бус байгууллага мөн.
- ДӨОГНАЖХ нь ардчилсан ёс, шударга ёс, ил тод байдал, хууль дээдлэх, хамтын удирдлагын болон аливаа улс төрийн хүчнээс хараат бус байх зарчмуудыг үйл ажилагаандаа удирдлага болгоно.
7-р зүйл. Үйл ажиллагааны чиглэл
- ДӨОГНАЖХ нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагаагаа явуулна.
- Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын салбарыг дэлхийн өвийн шаардлагад нийцүүлэн хөгжүүлэхэд бүх л боломж бололцоог хайж хэрэгжүүлэх
- Түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалан хамгаалж олон нийтэд таниулах, сурталчлах
- Аялал жуулчлалаар дамжуулан байгаль орчин, ан амьтнаа хайрлан хамгаалах төлөвшил суулгах
- Салбарт ажиллаж буй бусад төр, хувийн хэвшил, иргэдийн оролцооны түншлэл бий болгох
- Гадаад дотоодын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллах, харилцан туршлага солилцох
- Мэргэжлийн сургалт сурталчилгаа явуулах
- Дотоод гадаадад улс аймгаа сурталчилсан үзэсгэлэн, яармаг, аялал жуучлалын арга хэмжээнд оролцох
- Үйл ажиллагааны чиглэлийн дагуу хэвлэл мэдээлэлийн байгууллагуудтай хамтран ажиллах
- Зорилгодоо нийцсэн бусад үйл ажиллагаа явуулах
ГУРАВ. БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, УДИРДЛАГА
8-р зүйл. Бүтэц, зохион байгуулалт
- ДӨОГНАЖХ нь Удирдах зөвлөл, Удирдах Зөвлөлийн дарга буюу Тэргүүн, Хяналтын зөвлөл, Гүйцэтгэх захирал гэсэн бүтэцтэй байна.
- ДӨОГНАЖХнь салбар, төлөөлөгчтэй байж болно.
9-р зүйл. Бүтэц, Албан тушаалын нэр томьёо
- Удирдах зөвлөл гэдэгт ДӨОГНАЖХ төрийн бус байгууллагын эрх барих дээд зөвлөлийг,
- Удирдах зөвлөлийн дарга буюу Тэргүүн гэдэгт Удирдах зөвлөлийн үйл ажиллагааг манлайлж, дотоод гадаадад тус холбоог төлөөлөх, хурлыг удирдах эрхтэй даргыг,
- Удирдах зөвлөлийн гишүүн гэдэгт Удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох үүсгэн байгуулагчийн төлөөлөл болон сонгуульт гишүүнийг,
- Хяналтын зөвлөл гэдэгт ДӨОГНАЖХ төрийн бус байгууллагын гишүүдээс бүрдсэн дотоод үйл ажиллагаа, санхүүд хяналт тавих, дүгнэлт гаргах эрх бүхий багийг,
- Гүйцэтгэх захирал гэдэгт ДӨОГНАЖХ төрийн бус байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хөтлөн явуулж, гадаад болон дотоод харилцаанд бүрэн эрхтэйгээр байгууллагыг төлөөлөх, эрх бүхий удирдах зөвлөлөөс 4 жил тутам сонгон баталсан захирлыг,
ДӨРӨВ. УДИРДАХ ЗӨВЛӨЛ
10-р зүйл. Удирдах зөвлөл
- Удирдах зөвлөл нь ДӨОГНАЖХ-г бодлогын удирдлагаар ханган ажиллах үүсгэн байгуулагчийн болон сонгуульт гишүүдээс бүрдсэн эрх барих дээд байгууллага мөн.
- Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 13 байна.
11-р зүйл. Удирдах зөвлөлийн бүрэн эрх.
- Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрх эдэлнэ.
- Байгууллагын зорилго, зорилтуудыг тодорхойлох
- Байгууллагын үндсэн дүрэм батлах, нэмэлт өөрчлөлт оруулах
- Байгууллагыг зөвхөн заасан үндэслэлээр өөрчлөн байгуулах, татан буулгах
- Гүйцэтгэх захирлыг удирдах зөвлөлийн гишүүдийн санал болгосноор томилох, солих, үнэлэх
- Байгууллагын санхүүгийн бодлогыг боловсруулах, жилийн төсөв батлах
- Байгууллагыг олон нийт, төрийн байгууллагууд, бусад хуулийн этгээдтэй холбох
- Хөрөнгө босгох үйл ажиллагааг удирдах
- Байгууллагыг бодлого, төлөвлөгөө, манлайлалаар хангах
- Байгууллагын ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах
- Дүрэмд заасан бусад бүрэн эрх
- Удирдах зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль дээдлэх, өөрийгөө удирдах, үнэлэх, нөхөн сонгох, чөлөөлөх зэрэг өөрийн удирдлагаар ажиллах зарчмыг баримтална.
12-р зүйл. Удирдах зөвлөлийн гишүүн
- Удирдах зөвлөлийн хуралд таслах эрхтэй оролцох үүсгэн байгуулагчийн төлөөлөл болон сонгуульт этгээдийг удирдах зөвлөлийн гишүүн гэнэ.
- Удирдах зөвлөлийн гишүүн тус бүр 4 жилийн хугацаатай сонгогдох бөгөөд хэдэн ч удаа улиран сонгогдох эрхтэй.
- Удирдах зөвлөлийн шинэ гишүүнийг үүсгэн байгуулагчдын болон гишүүдийн санал болгосоноор удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, олонхийн саналаар батлан сонгоно.
13-р зүйл. Удирдах зөвлөлийн дарга буюу Тэргүүн
- Удирдах зөвлөлийн дарга буюу Тэргүүний бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
- Удирдах зөвлөлийн дарга нь удирдах зөвлөлийн хурлыг товлон зарлах, хурал удирдах, хурлын шийдвэрийг баталгаажуулах бүрэн эрхтэй.
- Гүйцэтгэх захиралд өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар чиглэл өгнө.
14-р зүйл. Удирдах зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлөх, татгалзуулах журам
- Удирдах зөвлөлийн дарга, гишүүн гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдөхийг хүссэн хүсэлтээ удирдах зөвлөлийн хуралд бичгээр гаргаж, хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
- Удирдах зөвлөлийн дарга, гишүүн нь ажлын шаардлага хангахгүй байгаа буюу зөрчил гаргасан тохиолдолд үүсгэн байгуулагчийн санал оруулсанаар удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж гишүүдийн олонхийн саналаар гишүүнээс чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.
- Удирдах зөвлөлийн хурлыг байнга тасалдаг, байгууллагын үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилд автагдсан, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон бол удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг гишүүнчлэлээс шууд хасах шалтгаан болно.
15-р зүйл. Удирдах зөвлөлийн хурал
- Удирдах зөвлөлийн гишүүд хамтын шийдвэр гаргах бүрэн эрхээ хурлаараа хэрэгжүүлнэ.
- Удирдах зөвлөлийн хурал нь ээлжит болон ээлжит бус гэсэн 2 төрөлтэй байна.
- Ээлжит хурал нь улиралд 1-с доошгүй удаа хуралдана. Ээлжит хурлын хугацаа нь тус ТББ-ын тухайн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгагдан батлагдсан байна.
- Ээлжит бус хурлыг удирдах зөвлөлийн даргын шийдвэрээр буюу удирдах зөвлөлийн гишүүдийн 1/3-ийн хүсэлтээр ажлын өдөр зарлан хуралдуулж болно.
16-р зүйл. Удирдах зөвлөлийн хурлын тов, хэлэлцэх асуудал, ирц
- Хурлын тов, хэлэлцэх асуудлыг удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захиралтай хамтран боловсруулж хурал болохоос өмнө гишүүдэд аман болон бичгэн хэлбэрээр хүргүүлнэ.
- Удирдах зөвлөлийн хурал болохоос өмнө гишүүд хэлэлцэх асуудалд саналаа өгч болно.
- Удирдах зөвлөлийн хуралд хэлэлцэх асуудалд ороогүй асуудлыг авч хэлэлцэхийг хориглоно.
- Удирдах зөвлөлийн гишүүдийн 2/3 нь ирсэн бол хурлыг хүчинтэйд тооцно.
17-р зүйл. Удирдах зөвлөлийн хурлын шийдвэр гаргах журам
- Удирдах зөвлөлийн шийдвэр нь тогтоол байна. Удирдах зөвлөлийн тогтоолд удирдах зөвлөлийн дарга гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болно.
- Удирдах зөвлөлийн дарга тогтоолд гарын үсэг зураагүй тохиолдолд шийдвэрийг эс зөвшөөрсөн буюу хориг тавьсан гэж үзнэ.
- Удирдах зөвлөлийн шийдвэрийг олонхийн саналаар гаргана. Санал тэнцсэн тохиолдолд хурал даргалагч эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ.
ТАВ. ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ
18-р зүйл. Хяналтын зөвлөл
- Хяналтын зөвлөл нь татвараа төлсөн идэвхтэй гишүүдийн төлөөлөл байна.
- Хяналтын зөвлөлийг бүх гишүүдийн хурлаар 2 жилийн хугацаатай ил санал хураалтын үндсэн дээр томилж, чөлөөлнө.
- Хяналтын зөвлөл 3 гишүүнтэй байна. Гишүүнийг сайн дурын үндсэн дээр томилж, чөлөөлж болно.
- Хяналтын зөвлөлийн гишүүн нь улиран сонгогдох эрхгүй.
- Хяналтын зөвлөл нь бүх гишүүдийн хуралд жилд нэг удаа байгууллагын үйл ажиллагааны үнэлэлт дүгнэлт гаргаж өгнө.
- Хяналтын зөвлөл нь удирдах зөвлөлд байгууллагын үйл ажиллагааны доголдол, анхаарах асуудал, ажил сайжруулах талаар бичгээр санал гарган шийдвэрлүүлнэ.
ЗУРГАА. ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
19-р зүйл. Гүйцэтгэх захирал
- Гүйцэтгэх захирал нь үүсгэн байгуулагчийн эсвэл гишүүдийн төлөөлөл байна.
- Гүйцэтгэх захирлыг удирдах зөвлөлөөс 4 жилийн хугацаатай ил санал хураалтын үндсэн дээр томилж, чөлөөлнө.
- Гүйцэтгэх захирал нь дахин нэг удаа улиран сонгогдох эрхтэй.
- Гүйцэтгэх захирал нь удирдах зөвлөлийн өмнө байгууллагын өдөр тутмын ажлын үйл ажиллагааг хариуцна.
- Удирдах зөвлөл нь гүйцэтгэх захирлыг хангалтгүй ажилласан, байгууллагын үзэл баримтлал, зарчмыг зөрчсөн, гэмт хэрэгт холбогдсон нь шүүхээр тогтоогдсон, цаашид гүйцэтгэх захирлыг эрхлэн гүйцэтгэж чадахгүй гэж үзвэл удирдах зөвлөлд бичгээр санал гарган олонхийн саналаар шийдвэрлүүлнэ.
20-р зүйл. Гүйцэтгэх захирлын эрх мэдэл, үүрэг хариуцлага
- Гүйцэтгэх захирал нь ажлын албатай байж болох бөгөөд дараах эрх, үүрэг эдэлнэ.
- Удирдах зөвлөлийн шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах
- Удирдах зөвлөлийн даргын өгсөн чиглэмж, үүрэг даалгаврыг гүйцэтгэх
- Байгууллагын жилийн болон улирлын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах, үйл ажиллагааг удирдах зөвлөлд тайлагнах
- Удирдах Зөвлөлөөс олгосон эрх мэдлийн хүрээнд бусад байгууллагатай гэрээ, хэлцэл байгуулах
- Удирдах зөвлөлийг мэдээлэлээр хангах
- Байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг захиран зарцуулах, санхүүгийн үйл ажиллагааны тайланг жил бүр удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж холбогдох төрийн байгууллагад тайлагнах
ДОЛОО. ХОЛБООНЫ ГИШҮҮН
21-р зүйл. Холбооны гишүүн, түүний эрх, үүрэг
- Холбооны дүрэм, зарчим, үйл ажиллагаа, үзэл баримтлалыг зөвшөөрсөн тухайн салбарт хамаарал бүхий байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгж холбооны гишүүн байна.
- Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн бусад байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн холбооны гишүүн байж болно.
- Холбооны гишүүн болох хүсэлтэй хувь хүний өргөдлийг үндэслэн холбооны гишүүнээр бүртгэж авна.
- Холбоонд элсэхээр саналаа гаргагч байгууллага нь тухайн байгууллагын хамт олны дийлэнх олны саналыг үндэслэн ДӨОГНАЖХ д элсэх шийдвэр гаргасан бол түүнийг үндэслэн гишүүн байгууллага хэмээн бүртгэж авна.
- Улсын болон аймаг орон нутгийн аялал жуулчлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүнийг иргэний харъяалал үл харгалзан ДӨОГНАЖХ -ын Холбооны хүндэт гишүүнээр сонгож болно. Хүндэт гишүүн сонгох асуудлыг холбооны удирдах зөвлөлөөр шийдвэрлэнэ.
- Холбооны гишүүн нь удирдах зөвлөлд бусад хүний нэр дэвшүүлэх, өөрөө нэрээ дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй.
- Холбооны гишүүн нь холбооны дүрэм, удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлнэ.
- Холбооны гишүүн холбооны үйл ажиллагааг бүхий л талаар дэмжин аялал жуулчлалын чиглэлийн үйл ажиллагаа, сургалт, мэргэжлийн тусламж, онол-практикийн судалгаа, шинжилгээний асуудлыг шийдвэрлэхэд мэргэжлийн, ёс суртахууны болон хөрөнгө оруулалтын аль нэгэн хэлбэрээр идэвхтэй оролцох
- Холбооны гишүүн байгууллага, иргэний татварын хувь хэмжээ, эрх үүргийн эрэмбийг Удирдах зөвлөлийн тогтоолоор батлана. Жил бүр холбооны дансанд татвараа хийж гишүүнчлэлээ баталгаажуулна.
- Холбооноос зохион байгуулж буй аливаа арга хэмжээ, мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагааны бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажилд идэвхтэй оролцоно.
- Гишүүн байгууллага болон хувь хүмүүс өөрсдийн хүсэлтээр гишүүнчлэлээс татгалзах эрхтэй.
- Холбооны гишүүн нь тус холбооны бүх гишүүдийн ээлжит болон ээлжит бус хуралдаан хуралдуулах тухай санал тавих эрхтэй.
22-р зүйл. Санхүүгийн эх үүсвэр
- ДӨОГНАЖХ ТББ нь дараах орлогын эх үүсвэрээс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулна.
- Гишүүний татвар, хандив
- Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хандив
- Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллаганаас олсон орлого
- Төсөл, хөтөлбөр, салбарын хэмжээнд зохиогдож буй арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө
- Хуульд заасан бусад эх үүсвэр
23-р зүйл. Орлогоо зорилгод нийцүүлэн зарцуулах
- ДӨОГНАЖХ нь ТТБ-ын тухай хуульд заасны дагуу олсон орлогыг дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулах ба хэнд ч ашиг хуваарилан, зээл олгож, хөрөнгийн баталгаа гаргахыг хориглоно.
- ДӨОГНАЖХ ТББ-ын удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтны хэн ч байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
24-р зүйл. Санхүүгийн хяналт
- ДӨОГНАЖХ ньбайгууллагын санхүүгийн үйл ажиллагааг удирдах зөвлөлөөс хянах шаардлагатай гэж үзвэл хөндлөнгийн хяналт оруулах шийдвэрийг удирдах зөвлөл гаргана.
25-р зүйл.Санхүүгийн жил, тайлан
- ДӨОГНАЖХ ТББ-ын санхүүгийн жил 01-р сарын 01-нээс эхэлж 12-р сарын 31-нд дуусгавар болно.
- ДӨОГНАЖХ ТББ-ын санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг зохих хууль, журмын дагуу гаргаж дараа оны 02- р сарын 15-ны дотор татварын албанд тайлагнана.
- Гүйцэтгэх захирал нь шаардлагатай хуулийн этгээдэд үйл ажиллагааны тайлангийн хамт жилийн орлого, зарлагыг тайлагнана.
26-р зүйл. Өөрчлөн байгуулагдах, татан буугдах шийдвэр
- Удирдах зөвлөлөөс байгууллагыг нэгтгэх, хуваах,тусгаарлах, өөрчлөх замаар өөрчлөн байгуулж болно.
- Удирдах зөвлөл ДӨОГНАЖХ ТББ-ын үйл ажиллагаа цаашид хэвийн явагдах боломжгүй болсон гэж үзвэл үйл ажиллагааг зогсоож, татан буулгах тогтоол гаргана.
27-р зүйл. Үлдсэн эд хөрөнгийг үл хуваах
- ДӨОГНАЖХ ТББ-ыг татан буугдсан тохиолдолд үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий нэг, эсхүл хэд хэдэн төрийн бус байгууллагад шилжүүлэх, ийм этгээд байхгүй тохиолдолд дүрэмд заасан зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зориулан зарцуулахаар шийдвэрлэнэ.
- ДӨОГНАЖХ ТББ-ын үлдсэн эд хөрөнгийг хувьдаа завьших, ашгийн төлөө байгууллагад шилжүүлэхийг хориглоно.
28-р зүйл. Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах
- Удирдах зөвлөлийн олонхийн саналаар дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
- Нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр баталсанаар хүчин төгөлдөр болно.
- Дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг 30 хоногийн дотор Улсын Бүртгэлийн Ерөнхий газарт хүргэнэ.
29-р зүйл. Дүрэм хүчинтэй болох
- Дүрэм нь үүсгэн байгуулагчид үүсгэн байгуулах шийдвэр гаргаж, дүрмээ олонхийн саналаар баталсанаар хүчинтэй болно.
“Дэлхийн Өв Орхон Голын Нүүдэлчид Аялал Жуулчлалын Холбоо” ГҮТББ-ыг үүсгэн байгуулагчид.