Д.АЛТАНХҮҮ

“Хашхан” ХХК-ийн захирал

Өвөрхангай аймгийг БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 тогтоолоор тухайн үеийн Цэцэрлэг мандал уулын аймгийн гол хошуудаас, одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан 31 сумтай Түйн голын Цагаан эрэгт төвлөрүүлж нэг том аймаг болон анх байгуулагдсан түүхтэй.

1934 онд аймгийн төвийг одоогийн Арвайхээр хотод төвлөрүүлж, 1942 оноос одоогийн Баянхонгор аймгийн зарим сумдыг Архангай, Завхан аймгуудад шилжүүлэн, Архангай аймгаас одоогийн Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Баян-Өндөр, Төв аймгийн Эрдэнэсант сумдыг нэгтгэн шинэчлэн зохион байгуулжээ.

Өвөрхангай аймгийн ард түмэн анх байгуулагдсан цагаасаа эхлэн ардын төрөө дэмжин хүрээлж аймаг, сумаа байгуулан бэхжүүлж хөгжүүлэхэд сэтгэл зоригоо нэгтгэн зүтгэсний үр дүнд орон нутгийн захиргаад богино хугацаанд цэгцрэн, сургууль, хүн, малын эмнэлэг, хоршоо худалдаа, артель, хоршооллууд анхлан байгуулагдаж төрийн бодлого, шийдвэрийг амжилттай хэрэгжүүлсэн юм.

Аймаг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд 19 сум, 106 багтай, 32 мянган гаруй өрх, 112 мянган гаруй хүн амтай, аймгийн төв Арвайхээр хотод 7 мянган гаруй айл, өрх, 27 мянган хүн оршин суудаг.

Өдгөө зах зээлийн нөхцөлд хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбаруудыг хөгжүүлж, орон нутгийн хөгжил дэвшилд хувийн хэвшлийн оролцоо дийлэнх хувийг эзлэж, бүтээн байгуулалт, бизнесийн цар хүрээ өдрөөс өдөрт өргөжин тэлж байна.

Хосгүй сайхан байгаль өнө мөнх дурсагдах уламжлалт ёс заншлаа сэргээн хайрлан хамгаалж хойч үедээ өвлүүлэн үлдээх, айл хотол, ахан дүүсээрээ ажлын байр бий болгож, амьдрал ахуйгаа дэвжээж, их бүтээн байгуулалтын ажилд Өвөрхангайчууд шамдан ажиллаж байна.