smart

МОНГОЛ ТҮМНИЙ МОРИНЫ ИХ ШҮТЭЭН

Монгол түмний морины их шүтээн Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас 15 километр газарт буюу алдарт Арвайн талд байрладаг. Энэхүү цогцолборыг 2007 оны наймдугаар сард олны хүртээл болгосон байдаг. Шүтээнийг босгосон газрын нэр нь Баян толгой бөгөөд эрт дээр үеэс хурдан морь уядаг хүмүүс тахиж шүтэж ирсэн төдийгүй алдарт Аравгар хээр хэмээх хурдан хүлгийн төрж өссөн газар ажээ.
Их шүтээний төв хэсгийн талбайн диаметр нь 10 метр, хүндэтгэлийн хоёр багана нь таван метр өндөртэй бөгөөд түүн дээр их шүтээнийг босгоход хувь нэмэр, хандив туслалцаа өргөсөн байгууллага хүмүүсийн нэрсийг мөнхжүүлэн бичжээ.
Хагас тойрог хэсэгт 12 багана босгож, хойморт нь гурван метр өндөр Дамдинянсан буюу хурдан морины сахиус бурхан Хаянхярвааг бүтээж шилэн гуунд байрлуулжээ. Төв дунд нь газар газрын хурдан морины төлөөлөл болгон алдарт Аравгар хээрийн хөшөөг босгож, хүрд ба сангийн бойпор байрлуулсан аж.

ХАРХОРУМ ХОТ

Монгол нутагт өөрийн тер улсыг байгуулж ирсэн ард түмнүүд Хангай нурууны зүүн бие, Орхон голын сав нутагт төвлөрөхийг эрмэлзэж, зарим нь өөрийн нийслэл хотоо байгуулж ирсэн түүхэн уламжлалтай билээ. Энэ нутаг нь байгаль газар зүй, цаг уур тедийгүй нүүдэлчдийн төвлөрсөн улс байгуулахад эдийн засаг, зам харилцааны хувьд онц тохиромжтойн дээр нүүдлийн мал аж ахуй, газар тариалан хослон эрхэлж, томоохон хот байгуулахад шаардагдах бүхий л нөхцөл бүрдсэн нутаг юм.
Их Монгол улсын нийслэл Хархорум хотын суурь тавигдсан нь VIII зуунаас эхэлсэн бөгөөд түүнийг эхлээд “Тайгал Шивээ” хэмээн нэрлэж байв. Хожим нь XIII зууны үед Хэрэйдийн Ван хаан төвлөн сууж асан хийгээд дараа нь Монголын цэрэг зэвсгийн агуулах болж байсан Орхон гол, Хар Хүрэмт уул хоёрын завсрын эл сууринд Монгол улсын их эзэн Чингис хаан улсынхаа нийслэлийг төвлөрүүлэхээр шийджээ. Түүний хүү Өгөдэй хааны үед 1235 оноос хотыг өргөтгөн бариулж тойруулан хэрэм цогцлоон “Түмэн амгалант” хэмээх том орд бариулж эхэлсэн байна. Хотын хамгийн үзэсгэлэн төгөлдер хэсэг болох Өгөдэй хааны “Түмэн амгалант” ордыг хотын баруун өмнөд хэсэгт харшийн цогцолбор байдлаар тусгай дөрвөлжин хэрмэн дотор барьжээ.
Хархорум хотод орд харшийн шат, баганы суурь, гоёл чимэглэл, гэрэлт хөшөө, түүний суурь яст мэлхий зэргийг чулуугаар урлаж хийх нь түгээмэл байжээ. Хотоос баруунтай 20 км-т Орхон голын Элстийн амнаа нарийн ширхэгтэй сайн чанарын боржин чулууны орд байдаг бөгөөд XIII зууны үед тэнд чулуу засаж бэлддэг томоохон дархны газар ажиллаж байсныг дутуу засаад үлдээсэн том чулуун яст мэлхий, засаж бэлдсэн чулуу зэрэг олон баримт гэрчилдэг.
Хархорум хот шавар хэрэм, дөрвөн хаалгатай, зүүн хаалган дээр шар будаа болон бусад үр тариа, баруун хаалган дээр хонь ямаа, өмнөд хаалган дээр үхэр тэрэг, умард хаалган дээр морь унаа худалддаг байсан тухай түүхэн сурвалжид тэмдэглэгдэн үлджээ. Хотод хятад, орос, франц, англи, мажаар зэрэг дэлхийн олон орны хүн суудаг өрнө, дорныг холбосон тэр үеийн дэлхийн улс төр, соёл, эдийн засаг, худалдааны том төв байсан юм.

Mongolie, province de Ovorkhangai, vallée Orkhon classée Patrimoine Mondial de l'UNESCO, Kharkhorin, monastère Erdene Zuu // Mongolia, Ovorkhangai, Kharkhorin, Erdene Zuu Monastery, Orkhon valley, Unesco world heritage
Mongolie, province de Ovorkhangai, vallée Orkhon classée Patrimoine Mondial de l'UNESCO, Kharkhorin, monastère Erdene Zuu // Mongolia, Ovorkhangai, Kharkhorin, Erdene Zuu Monastery, Orkhon valley, Unesco world heritage

ЭРДЭНЭ-ЗУУ ХИЙД

Монгол улс дахь хамгийн эртний Буддын шашны хийд юм. Хархорин хотын туурин дээр үлдсэн чулуун ханыг зөөж авчраад одоогийн Эрдэнэзуу хийдийг босгосон түүхтэй. 1580 онд Автай сайн хаан, дүү Түмэнхэн ноёнтой хамт III Далай ламтай уулзаж, түүний зөвлөсөн дагуу Хархорум хотын нэгэн хуучин сүм болох Тахай балгасан дахь сүмийг сэргээснээр суурь нь тавигджээ.
Ийнхүү 1586-1674 онд Гурван зуу сүм, Ригсүм Гомбо сүмүүдийг, 1701-1705 онд Очирдарь сүм, Авид сүм, Их суварганы чуулбаруудыг, 1771-1792 онд Цогчин их дуган, Лаврин сүмүүдийг тус тус бариулжээ. 1796 онд Эрдэнэзуу хийд анх удаа их засварт орсон бөгөөд 7 дугаар ширээт лам Дагвадаржаа ламтан удирдаж хятадын Юн-да-а пүүс гүйцэтгэл хийжээ. Энэ засварын үеэр хуучин Тахай балгасны хэрмэн нурангийг суурь болгон 50 ширхэг суварга босгосон байна.
1802-1813 онд ноёд тайж, лам хувраг, сүсэгтэн ардын хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд 56 суварга нэмж хэрмэн ханыг барьж дуусгасан байна. Өдгөө хийдийг тойрон хүрээлэх 108 суварга бүхий хэрмэн хашаа нь хааш хаашаа 420 метр юм. 1782 онд 50 хувраг сурагчтайгаар Бодь мөрийн сургуулийг байгуулжээ. Монголын ноёд, язгууртнууд хэрмийн дотор өөрийн дугантай байх нь нэр төрийн хэрэг гэж үздэг байсан учраас Түшээт ханы болон ноён Цэвээнжавын дуган, Очирдарийн дуган гэх мэт олон сүм дуган баригдан 1792 он гэхэд 62 сүм, 500-гаад барилга байшинтай, 10 мянган ламтай болж өргөжсөн байна.

ТЭВШ УУЛ

Өвөрхангай аймгийн Богд сумын нутаг, сумын төвийн дэргэд зүүн хойд зүгт салбарлан тогтсон хар уулыг тэвш уул гэж нэрлэнэ. Тэвш уулын эргэн тойронд олон төрлийн хадны сүг зураг байхаас гадны булш хэрэгсүүрүүд ч олон байна. Сүүлийн жилүүдэд Хонгорын элсийг зорих аялагч жуулчид Тэвш ууланд саатан хадны сүг зураг дүрслэлийг үзэж сонирхох нь их болсон.
Тэвш уулын хадны зурагт элдэв ан амьтан, анчин гөрөөчин, мал аж ахуй, хүмүүсийн амдрал ахуйг харуулсан зургууд голлоно. Ан амьтдын дотроос буга, янгир, тэмээ, адуу, нохой зэргийг хаданд хонхойлон дүрслэсэн байдаг. Ахуй амьдралтай холбоотой зургууд үхэрт нуруу ачсан, ямар нэгэн зүйлийг чирүүлсэн, морь хөтөлсөн хүн, морьтой болон явган хүмүүс адуу малыг тууж яваагаар дүрслэсэн байна.
Мөн амьтдыг хашаа хороонд оруулж буй, морьтой хүмүүсийг гартаа сүх чийдэм барьснаар, янгирыг нум сумаар харваж байгаа зэрэг олонтааг үзүүлж болно. Тэвш уулын зураг дүрслэлээс судлаачдын анхаарлыг татдаг зураг нь дөрвөн дугуйтай, ганц гуятай тэргэнд дөрвөн морь хөлгөлсөн, мөн хигээсгүй хоёр дугуйтай, тэгш өнцөгт дөрвөлжин маягийн суудалтай, ганч аралтай дөрвөн морь хөлөглөх зориулалт бүхий тэрэг зэрэг хэд хэдэн зураг байна.

ewq-1-e162088975618412

ТӨВХӨН ХИЙД

Өвөрхангай, Архангай аймгийн нутгийн заагт Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 километр, Бат-Өлзийт сумын төвөөс 50 километр зайтай Өндөр-Овоот буюу Шивээт-Улаан хэмээх аглаг ой модоор хүрээлэгдсэн асга хадтай өндөр уулын оройн байц хадны багавтар дэвсэг дээр оршдог.
Уулын бэлээс хийд хүртэл 5 километр өгсөж хүрнэ. Монголын анхдугаар Богд Занабазар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтоцтой газрыг сонирхон таалж, 1651 онд бясалгал үйлдэх чулуун ханатай жижиг байшин бариулсан бөгөөд түүнийг “дубхан” буюу бүтээх байр гэж нэрлэжээ. Энэ үг нь сунжирсаар өдгөө Төвхөн болсон байна. Өндөр гэгээн Занабазар тус хийдэд сууж байхдаа 1686 онд “Соёмбо” үсгээ зохиож, “Адистэдийн дээдийг хайрлагч” тэргүүтэй зохиолоо айлдахын сацуу “Тэргүүний нь үс ургаж байсан” гэгдэх гайхамшигт шүтээн дүрээ бүтээж, ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ урлажээ.
Хийдийн дэргэд 2 худаг байдаг бөгөөд баруун худгийг амны ус, зүүн худгийг угаалгын ус гэнэ. Энэ 2 худгаас анхдугаар Богд цайны ус болон угаал үйлдэх усаа авч байжээ. Баруун хойд талын хаданд Өндөр гэгээний ажлын, түүний зүүн талд номын сангийн агуй нь байдаг. Түүний баруун хойд хадан дээр Өндөр гэгээний монгол гутлын мөр /38 сантиметр/, гарын алганы мөр үлдсэн хэмээдэг. Халх Ойрадын дайн самуунаас хойш тус хийд бараг эзгүйрэн орхигдож байгаад 1773 оноос хурал номын ажлыг тогтмол болгон сэргээжээ. Хожим Эрдэнэзуугийн цорж лам Балганшадбидоржоос хойш 1939 он хүртэл Сайн ноён хан аймгийн гол хүрээ болох Уянгын хүрээний лам нар ээлжлэн ирж хурал хурдаг байжээ.
Төвхөн хийд нь хурлын дуган, Очирдарь, Гомбогүр бурхадын сүм, Бүтээлийн сүм, Мөнх зулын сүм, хоёр суварга, хүрдний саравч бүхий 14 сүм дугантай байв. Тус хийд нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий хадан ууланд оршдог. Хийдийн арын 20-иод метр өндөр эгц хадны дээд талд “Эхийн хэвлий” нэртэй гулсаж ороод эргэж буцаж гардаг жижиг агуй бий. Энэ агуйд нэг удаа мөлхөж ороод дотор нь эрэгтэй хүн бол баруун тийш эмэгтэй хүн бол зүүн тийш эргэн буцаад толгойгоороо мөлхөн гарахад тэр хүн ариусан сая эхээс төрсөн мэт болдог гэнэ.
Төвхөн хийдийг 1992 оноос улсын хамгаалалтанд авч, хурал номын ажлыг нь сэргээжээ. 2001 онд улсын төсвөөс хөрөнгө гарган хийдийн 4 сүм, 2 суварга, асарт хаалгыг нь анхны байсан төрх байдлаар нь сэргээн босгосон юм.

ЗАНАБАЗАРЫН НЭРЭМЖИТ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН

Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний түүхт 380 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнг 51 сая төгрөгийн хөрөнгөөр тохижуулсан. Өндөр гэгээний 12 метрийн өндөртэй сэрэг дүрийг алтан шаргал өнгөөр өнгөлж, цэцэрлэгт хүрээлэн дэх музейг засварлан ашиглалтад оруулж, өндөр гэгээний бүтээлүүдийг нь хуулбарлан байрлуулсан байна. Мөн гэрэлтүүлгийн тоог нэмж, цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор 300м квадрат талбайг зүлэгжүүлэн, 5237 ширхэг мод бут тарьсан.

ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ӨВГӨН СУВАРГА

Хуучин Сайнноён хан аймгийн Илдэн бэйлийн хошуу одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутаг Зүйлийн хөндий хэмээх энэ газар халхын шарын шашны анхдугаар богд Өндөр гэгээн Занабазар 1639 онд мэндэлжээ. Ийнхүү анхдугаар богд Өндөр гэгээний хүй цөглөсөн газарт 1700-аад оны эхээр гэлүгбагийн урсгалын нэгэн хурал үүсгэсэн нь Есөнзүйлийн хурал, Зүйлийн суварганы хурал хэмээн халхын шарын шашны түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Уг хурал нь цогчин, хайлан, дарь эхийн, сахиусын гэсэн 4 дугантай 100-аад ламтай гол сахиус нь улаан сахиус, өдөр тутмын байнгын хурал хурдаг байжээ. Намрын адаг сард майдар эргэнэ мөн хайлан хурдаг байсан ба хайланд 50-аад лам суудалтай байжээ. Харин энд цам гардаггүй байсан байна. 4 дуганы хойт талд 3 суваргатай голдоо өвгөн суварга хэмээх нэг суварга байсан. Энэ өвгөн суварга нь хамгийн анхны суварга бөгөөд нэгэн жижиг сүмд байрлаж сүмийн гадуур жижиг шавар хашаатай байжээ. Бүр энэ хурлаас ч өмнө энэхүү суварга байсан учир өвгөн суварга хэмээн нэрийддэг ажээ. 1994 онд Өндөр гэгээний мэлмий нээсний 360 жилийн ойгоор дээрхи 4 суварга дээр нэмж шинэ үеийн нэг бодь суваргыг нэмж босгосон байна. Дөрвөн дуган нь дан шавар, чулуугаар баригдсан байжээ. Зүйлийн хурал нь дэргэдээ суварган жас хэмээх жастай байсан байна. Тус хурлын хамгийн сүүлчийн тэргүүн нь Чимэддорж хэмээх хүн байжээ. Одоо энэ хуралд сууж байсан лам хуваргуудаас 5 наснаас эхлэн 16 нас хүртлээ шавилж байсан Зүйл сумын иргэн 85 настай Ч. Жам гэх өвгөн санваартан сэрүүн тунгалаг амьдарч байна. 1937 онд бурханы шашныг цаг бусаар устгаж эхлэхэд Зүйлийн хурлын 4 дуганыг нурааж харин ганц өвгөн суваргыг үлдээжээ. Дээд лам нараас нь 3 ламыг баривчлан авч явахад нэг нь удалгүй эргэж ирсэн, нэг нь сураггүй алга болсон 3 дахь нь 10 жил шоронд сугаад гарч ирсэн нь тэргүүн лам байсан дээрхи Чимэддорж ламтан ажээ. 1990-ээд оноос хойш монгол оронд бурханы шашин дахин дэлгэрэхэд Зүйлийн хурлыг сэргээж Дашгунгаадэгчилин хийдийг үүсгэн байгуулжээ.

МОНГОЛ ОРНЫ ТӨВ ХҮЙС ЦЭГ

Монгол орны өнөөгийн газар нутгийн “Хүйс цэг” нь газар зүйн солбилцлын аргаар олсон Х.Ө 46052I, З.У103050I-т орших Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Өвөр хөшөөтийн булаг” юм. Монгол орны төв цэгийн байршлыг газар зүйн ШУ-ны доктор, профессор, Монгол Улсын гавьяат багш Ш.Шагдар 1979 онд анх судлан тодорхойлсон байдаг. Улмаар Өвөрхангай аймгийн ИТХ-ын 1997 оны 42 дугаар тогтоолоор 8.2 км2 талбайг хамруулан аймгийн тусгай хамгаалалттай газар нутаг болгосон. Монгол нутгийн хүйс төв цэгийн байршилтыг тогтоохдоо дараах дөрвөн аргаар тодорхойлжээ. “Хүйс цэг” нь Өвөрхөшөөтийн булгийн эхэнд д.т.д 1730м өндөрт Өвөрхангай аймгийн төвөөс зүүн хойш 115 км, эртний нийслэл Хорхорумаас зүүн урагш 85 км, Монгол Улсын нутгийн захын цэг “Модот хамар”, баруун захын цэг “Мааньт” уулнаас тус тус 1222 км орчим, хойд захын цэг “Монгол шарын даваанаас 670 орчим км, өмнөд захын цэг “Орвог гашууны бор толгой”–гоос 600 гаруй км зайтай оршдог. Мөн дэлхийн экватораас хойш 5194 км, хойд туйлаас ургаш 4808 км орчим зайтай оршиж, дэлхийн цагийн 7-р бүсэд хамаардаг.

ШАНХЫН ХИЙД

Их хүрээ Орхон голын хөндийгөөс Хэнтий уулын өвөр тийш нүүхэд номын хүрээний гол хэсэг мөн түүхийн эх сурвалж бичиг баримт судар түүх дурсгалын холбоотой үнэт зүйлүүдийг үлдээж нүүсэн байна. Энэ цагаас эхлэн баруун талд үлдсэн хийдийн гол хэсгийг олны дотор /Баруун хүрээ/ хэмээн нэрлэх болжээ. Энэ нь бас Шанх уулын өвөр талд байрших болсноор Шанхын хүрээ гэж хожим нэрлэгджээ.

ХУБИЛАЙ ХААНЫ ЦЭРГИЙН ХОТЫН ТУУРЬ

Хөгшин тээлийн балгас гэдэг эртний хотын туурь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын нутагт Хөгшин тээл гэдэг газар байдаг. Хувилайн цэргийн хот нь Хан Хөгшин уулын зүүн суга Их модны ам, Бага модны амны гурван хэсэг газар барьсан том хэрэм, Их модны амны адгийн Цагаан толгойн өвөрт буй нутгийнхан Дарь эхийн сүм хэмээн нэрэлдэг барилгын үлдэц зэргээс бүрдэнэ. Уг хотын үлдэгдлийг шинжин үзэхэд олон жилээр байнга хүн оршин сууж байсны шинж тэмдэггүй түр зуурын аян дайны зориулалтаар бэхлэн барьсан шинжтэй байдаг. Хувилайн цэргийн хотын гурван хэрмийн өндөрлөг хэц алсын хараат газар олон давхар хэрэмтэйгээр барьсныг харахад аргагүй л цэргийн байгууламж аж.

тэмээн чулууны буган чулуу

ТЭМЭЭН ЧУЛУУНЫ ДУРСГАЛ

Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт сумын нутагт байдаг Тэмээн чулууны ам нь Үүртийн тохой гэх ханан хад бүхий хавцлаас холгүй /цагаан голын цутгалангаас нэг км зайтай/ оршдог. Үүртийн тохойд дотрын өвчинд тустай нүүрсхүчлийн хий бүхий исгэлэн хүйтэн рашаан байдаг. Тэмээн чулууны аманд хойноос урагш цуварсан эртний хэсэг дөрвөлжин булш ажиглагддаг. Эдгээр дөрвөлжин булш нь ойролцоогоор 30 орчим бөгөөд тэдгээрийн хашлага чулууг Тэмээн чулууны амны ойролцоох уулаас аван саарал боржин чулуун хавтангаар хийжээ. Чулуун хавтангуудыг булшинд ашиглахдаа засалгүй ирмэгээр нь газарт суулгажээ. Хашлага чулуу нь харьцангүй өндөр боловч хоорондоо хэмжээний хувьд харилцан адилгүй. Булшнуудын хашлага чулуунд гурван буган хөшөөг ашиглаж нэг хөшөөний оройг доош харуулж шигтгэжээ. Буган хөшөө ашигласан эдгээр булшнуудаас гурван булшыг малтаж шинжилсэн бөгөөд эдгээрээс хоёр нь тоногдсон байв. Гэвч малталтын үед тэдгээрээс үхэр, хонины яс, түрэг, уйгурын үеийн хээ тамгатай ваар савны хагархай зэрэг нэлээд зүйл олдсоны дотор гурав дахь булшны нүхны ёроол буюу том хавтгай чулууны дороос нэг ширхэг морины туурай олдсон байна.

ИЛЖГЭН ЧИХТ ХААНЫ ХЭРЭМНИЙ ТУУРЬ

Хойд зүгээс урд зүг рүү чиглэсэн урт хэрэм бөгөөд Сахлаг хайрханы өвөр Дамбий ухаа Дамжин өнгөрүүлэх бааз Цагаан хад, Жирэм, Оворт, Хашаат, Шаврын нуруу, зэрэг газруудыг дамжин Өөш, Шахлаг, Мээмэн толгойн хооронд хойноос урагш үргэлжлэнэ. Энд цайзын бэхлэлт болгон босгосон 10 гаруй км урт шавар хэрэмний үлдэгдэл бий. Түүний Илжгэн чихт хааны хэрэм гэдэг домготой.