Мэдээ

Сарлагийн баяр-2022 аялал жуулчлалын эвэнт арга хэмжээ “Өндөр Хясаа”-нд амжилттай зохион байгуулагдлаа

2009 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Сарлагийн баяр” эвэнт арга хэмжээ Өвөрхангай аймаг, Бат-Өлзий сумын нутаг Өндөр Хясаа хэмээх газар 2022 оны 07 сарын 23-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.  Цар тахлын улмаас сүүлийн 2 жил завсарлаад байсан уг арга хэмжээг БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр Өвөрхангай аймгийн БОАЖГазар, Бат-Өлзий сумын ЗДТГазар, Соёлын төв, “Дэлхийн өв-Орхон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбоо, “Хашхан”, “Блю скай” “Орхон” жуулчны бааз зэрэг аж ахуй нэгж байгууллагууд нутгийн иргэд малчид дэмжин оролцлоо. Энэ жилийн хувьд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого Аялал жуулчлалыг сэргээх бодлогын хүрээнд зохион байгуулсанаар онцлогтой болсон. Энэхүү наадамд гадаадын 60 гаруй жуулчид, дотоодын 250 гаруй аялагч, орон нутгийн иргэд, малчид нийлсэн 50 гаруй хүн нийтдээ 360 гаруй хүн үзэж сонирхсон байна.

Уг арга хэмжээнд БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баясгалан, Бат-Өлзий сумын засаг дарга С.Амгалан болон гадаад дотоодын жуулчид, зочид, төлөөлөгчид, сум орон нутгийн иргэд, малчид хүрэлцэн ирж өргөн дэлгэр сайхан болсон.

Сарлагийн баярын үеийн зураг

Арга хэмжээг нээж БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга Г.Баясгалан нар үг хэллээ.

Наадмын арга хэмжээнд  2 үндсэн том асар байрлуулсан бөгөөд гадаадын жуулчдыг тав тухтай байлгах үүднээс TOURIST гэсэн тусдаа асарыг байршуулсан.

Сумын Соёлын төвийн бяцхан авьяаслаг бүжигчид дуучид мэндчилгээ хүргэснээр албан ёсоор арга хэмжээ эхэлсэн.

Дотоодын аялагчдаас гадна гадаадын тэр дотроо Франц, Польш, Герман, Япон, Солонгос, Орос, Швейцар зэрэг улс орны жуулчид үзэж сонирхсон байна.

Аймаг, сумын хүчит 32 бөхийн барилдаан болж хурд хүч, авхаалж самбаа сорин барилдсанаас аймгийн начин Идэрдорж түрүүлж, Нармандах үзүүрлэсэн.

Арга хэмжээний гол зорилго нь: Орон нутгийн брэнд бий болгох замаар нутгийг иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, өв соёлоо хадгалах, өвлүүлэн үлдээх, сарлагийг зөв зохистойгоор үржүүлэх түүний ашиг шимийг олшруулах зэрэг олон ач холбогдолтойгоос гадна орон нутаг цаашлаад Монгол улсын нүүдэлчин ахуйг түгээн дэлгэрүүлэн сурталчлан таниулахад оршино.

Үүнтэй холбогдуулан баярын хөтөлбөрт сарлаг булгиулах, сарлаг бугуйлдах, хос сарлагтай хос шалгаруулах, сарлагийн уралдаан, сарлагийн поло, сарлагийн хөөвөр, саваг, арьсаар хийсэн нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болон гадны жуулчдад үндсэний бөхийн барилдаан зэргийг тусгаж оруулж өгсөн илүү ач холбогдолтой болсон

Түүнчлэн “Мөнх ногоон хөтөч” ТББ-ын албан ёсны урилгаар Солонгосын нэртэй телевиз болох EBSTV сурвалжлах баг хүрэлцэн ирж, Монголын тухай тэр дундаа Салагийн баярыг онцлон тухай бүрэн хэмжээний баримтат кино хийсэн. Уг киног EBS “World Theme Tour” найруулагч Heo Baek Kyu зураглаач Patrick Kim хөтлөгч Cho Hyun Ju Орон нутгийн үйл ажиллагаа хариуцагч BBM Tour -Ч.Батхуяг нарын бүрэлдэхүүнтэйгээр ажилласан.

EBS TV нь Солонгосын томоохон боловсролын телевиз бөгөөд  уг баримтат кино 51сая хүн амтай, Монгол орны аялал жуулчлалын 60 гаруй хувийг эзлэх болсон Бүгд Найрмадах Солонгос орон даяар 8-р сарын 29, 30, 9-р сарын 1-ний өдрүүдэд  амжилттайгаар толилуулаад байна.

Мөн Монголын Үндэсний Телевизийн Өвөрхангай аймаг дах салбарын MNB сурвалжлагч зураглаач нар ирж сурвалжлага хийсэн.

Тэмцээнд:

-Сарлагийн поло тэмцээнд нийт 7-н багийн 28 хүн оролцсоноос Дэмид ахлагчтай Орхон баг тэргүүн байр

-Сарлагийн уралдаанд Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумуудаас ирсэн 50 гаруй сарлаг хурд хүчээ сорин уралдсанаас Даваабаярын Бор сарлаг тэргүүн байр.

– Сарлаг бугуйлдах тэмцээнд 18  залуус авхаалж самбаа сорин оролцож Я.Мөнхбат тэргүүн байх хүртэж, зочин аялагч Б.Нармандах гутгаар байр.

-Сарлаг булгиулах тэмцээнд 19 залуус өрсөлдсөнөөс Б.Өсөхбаяр тэргүүн байр

-Сайхан сарлаг шалгаруулах тэмцээнд Т.Дуламрагчаагийн хос сарлаг тэргүүн байрыг тус тус хүртэж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, үнэ бүхний зүйлээр шагнаж урамшууллаа.

Арга хэмжээний дараа ойр орчмын хог хаягдлыг нэгдсэн журмаар зохион байгуулагч нар болон худалдаа эрхлэгч нартай хамтран ангилан цэвэрлэж хогийн нэгдсэн цэг дээр төвлөрүүлэн сумын хогийн цэг рүү тээвэрлэн ачих үйл ажиллагаа зохион байгуулсан.